ХИЙМЭЛ ОЮУН УХААН (AI, ARTIFICIAL INTELLIGENCE) БА MACHINE LEARNING (ML) ФИНТЕК САЛБАРТ
Бүхий л салбарууд, тэр дундаа санхүүгийнхэн онцгойлон AI болон ML-ийг үйл ажиллагаандаа үр ашигтайгаар хэрэглэх арга замыг эрэлхийлж, тодорхой үр дүнг үзүүлсээр байна. Дээрх технологийн хэрэгсэл, дэд салбарууд нь байгууллагын гар ажиллагааг багасгаж цаг хугацаа хэмнэх, асуудлыг олон талаас харж анализ хийн, дүгнэлт гаргаж, оновчтой шийдэл олох, түүнд суурилсан шийдвэр гаргах процессыг автоматжуулж чанаржуулах давуу талыг удирдлага, ажилтнуудад олгодог учир бид бүхний зайлшгүй судлах, сонирхох, хүч сорих салбар болоод буй.
Artificial intelligence(AI) буюу Хиймэл оюун ухаан гэж юу вэ?
Хиймэл оюун ухаан (AI) нь хүний оюун ухаан болон үйлдлийг дуурайдаг өргөн хүрээний компьютерын шинжлэх ухаан бөгөөд хүний хөндлөнгийн оролцоогүйгээр даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх, үйлдэл хийх чадвартай.
Machine Learning(ML) гэж юу вэ?
Machine Learning (ML) нь өгөгдөлд үндэслэн програм хангамжид үр дүнг урьдчилан таамаглах боломжийг олгодог хиймэл оюун ухааны төрөл юм. Жишээлбэл, e-mail spam шүүлтүүр, онлайн залилан илрүүлэлт зэрэг юм.
AI болон ML-ийн зорилго
Энэ салбар нь анх гүн ухаан, математик, танин мэдэхүйн шинжлэх ухаан болон сэтгэл судлалд тулгуурлан цэргийн шинжлэх ухаан болон статистикт ашиглагдаж эхэлжээ. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх анхны зорилго нь өгөгдөл дээр дүгнэлт хийн, үр дүнг тайлбарлах чадвартай компьютер бүтээх байв. Энэ нь гар ажиллагаатай харьцуулахад бага цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулдаг билээ.
AI болон ML-ийн ашиг тус:
-
Өгөгдөл оруулах илүү олон эх сурвалж
-
Үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх
-
Сайн, хурдан шийдвэр гаргалт
AI ба ML-ийн ирээдүй
Оксфордын их сургууль (University of Oxford) болон Йелийн их сургууль (Yale University)-аас хийсэн судалгаагаар ойрын 120 жилд хиймэл оюун ухаан хүний бүх ажлыг орлож чадна гэж тооцоолжээ. Мэргэжилтнүүд ойрын арван жилд AI болон ML нь шинжлэх ухааны арга барилуудыг өөрчилж, гадаад бодлогыг удирдан чиглүүлж, дараагийн үеийн хэрэглэгчдийн туршлагыг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, хувь хүнд зориулсан эмийг бүтээх чадвартай болно гэж таамаглаж байна.
AI болон ML нь Финтекийн салбарыг хэрхэн өөрчилж байна вэ?
Финтекийн салбар дахь хиймэл оюун ухааны дэлхийн зах зээлийн үнэлгээ 2019 онд 6.67 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2025 он гэхэд 22.60 тэрбум ам.доллар хүрэх хүлээлттэй байна. Финтекийн салбарт AI болон ML-ийг ашиглан залиланг илрүүлэх, мэдээлэлд суурилсан арилжаа, автомат нэхэмжлэл, виртуал банкны тусламж, найдвартай зээлийн шийдвэрлэлт зэргийг сайжруулах боломжтой.
"Бараг бүх финтек - өгөгдөлд суурилсан үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ихэнх нь хиймэл оюун ухаанаар дамжуулан дүн шинжилгээ хийхээр зорьж байна. Харилцагчийг таньж мэдэх (KYC) болон Мөнгө угаахтай тэмцэх (AML) нь хиймэл оюун ухаанаар ажилладаг роботууд асар их хэмжээний мэдээллийг хурдан шалгаж, дэлхий даяар тархсан мэдээллийн эх сурвалжуудын хоорондын холбоосыг олох чадвартай салбаруудын жишээ юм. Хэрэглэгчийн мэдээлэлтэй харьцах эсвэл үйлчлүүлэгчдэд нөлөөлж болзошгүй шийдвэр гаргахдаа бид AI-д суурилсан эрсдэлийг урьдчилан тодорхойлох гол дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой." гэж PwC Люксембург дэхийн PwC аудитын компанийн хиймэл оюун ухаан, мэдээллийн шинжлэх ухааны захирал Андреас Браун хэмээжээ.
Финтекийн салбарт AI болон ML-ийг хэрхэн ашигладаг тухай цөөн хэдэн жишээг доор дурдав:
- Сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, хэрэглэгчдэд мэдэгдэх замаар аюулгүй байдал, залилан илрүүлэх. Криптовалют болон блокчейн дэх кибер аюулгүй байдал гэх мэт.
-
Чатбот гэх мэт хэрэглэгчдэд шууд хариу өгч туслалцаа үзүүлэх.
-
Мөнгө зээлдүүлэх программуудаар дамжуулан зээл олгох нь үйлчлүүлэгчийн эрсдэлийн профайлыг харгалзан илүү хурдан бөгөөд үр дүнтэй байдаг.
-
Даатгалын компаниуд хэн нэгний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх замаар эрсдэлийн түвшинг тооцоолохын тулд хиймэл оюун ухаан болон ML-ийг ашиглаж байна.
Монгол дахь хиймэл оюун ухаан ба ML-ийн хөгжил
Монгол улс математикийн ур чадвартай, мэдээллийн технологи, техникийн олон мэргэжилтнүүдтэй тул хиймэл оюун ухаан, Machine Learning-ын салбар шинээр хүч түрэн орж ирж байгаа билээ.
Монгол дахь AI ба ML чиглэлээр дэмжин, үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч байгууллагуудын нэг нь Machine Learning UB (MLUB) юм. Тус нийгэмлэг нь 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан, мэдээллийн шинжлэх ухааны мэргэжилтнүүдээс бүрддэг. MLUB нь Монголд AI болон DS-ийг суртачлах зорилгоор олон улсын шинжээч, байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж, Монголын дата судлаачдад олон улсын шинжээчдээс суралцах, туршлага судлах боломжийг бүрдүүлдэг байна.
Хиймэл оюун ухаан дээр тулгуурласан Монгол залуучуудын хийсэн зарим жишээнээс дурдвал, эрүүл зөв хооллох дадлыг дэмжих зорилготой ChewBe хэмээх аппликейшн юм. Энэхүү хиймэл оюун ухаан нь гар утасны камерын тусламжтайгаар хүний хазалт болон зажлалтыг 85 хувийн үнэн зөв байдалтайгаар тоолдог аж. Мөн камерын цаанаас автомашины бүртгэлийн дугаарыг таних системийг бүтээсэн ба энэхүү систем нь улам тогтоцтой, найдвартай болон хөгжиж байгаа аж.
Финтек болон Хиймэл оюун ухааны нэгдэл нь бөмбөрцгийн ирээдүйг бүхэлд нь өөрчлөхүйц чиг хандлага болж байгаа бөгөөд санхүү, банк, сансарын салбарт дүн шинжилгээ хийх, урьдчилан таамаглал гаргах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах, асуудлыг шийдвэрлэх замаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж ирээдүйг улам хурдасгаж байна.
Sources: Matellio, Forbes, Fintechmagazine, SAS, Azure, TimesofIndia, Globenewswire, Koombea, Mlub, Getty Images