ФИНТЕК ЗЭЭЛ: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, P2P, BNPL, МОНГОЛЫН СОРИЛТУУД
Төлбөр тооцоо, даатгал, хөрөнгө оруулалт гэх мэт финтекийн олон салбараас Монгол улсад финтек зээлийн үйлчилгээ хамгийн өндөр хөгжсөн бөгөөд өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Иймд бид өнөөдрийн нийтлэлдээ финтек зээлийн салбар болон түүний зээлжих зэрэглэл тогтоох арга аргачлал, мөн P2P, BNPL хэмээх ойлголтууд ба Монгол улсын финтек зээлийн салбарт тулгараад буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлахаар бэлтгэлээ.
Үндсэн ойлголт
Зээлийн финтек: тодорхойлолт
Зээлийн финтек буюу Fintech Lending гэж юу вэ? Өмнө нь бид санхүүжилт шаардлагатай болсон үедээ банкнаас зээл авахын тулд зээл авах хүсэлт өргөдөл, шаардлагатай холбогдох материалууд зэрэг маш олон шаардлагыг хангаж, бичиг баримт бүрдүүлэн, цаг хугацаа болон зардал гардаг байсан билээ. Харин санхүүгийн салбар нь технологитой хосолсноороо зээлийн финтекийн компаниуд үүссэн бөгөөд тэдгээрийн хамгийн чухал онцлог нь технологийн хөгжил дэвшлээр дамжуулан уламжлалт аргаар олгодог байсан зээлийн процессийг бүх талаар нь сайжруулах юм.
Давуу талууд
Зээлийн финтекийн хамгийн чухал ач холбогдолуудын нэг бол юуны түрүүнд түүний хурд юм. Зээл олгох үйл явцыг зээлдэгч, зээлдүүлэгч аль аль талд цаг хугацааны хувьд үр ашигтай болгож өгөөд зогсохгүй зээлийн финтек компаниуд зээлжих зэрэглэлийг тогтоох уламжлалт аргаас гадна уламжлалт бус аргуудыг ч үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладгаараа онцлог. Жишээ нь: Монголын “LendMN” финтек зээлийн компани нь 2018 онд нийт зээл олголтын процессийн зардлыг 91,000,000,000₮-өөр хэмнэж, уламжлалт банк, санхүүгийн байгууллагаас зээл авахаас 279,000 цагаар бага хугацаа зарцуулжээ. эх сурвалж: /www.lend.mn жилийн тайлан/
Гурван үндсэн сегмент
Зээлийн финтекийн зах зээлийг ерөнхийдөө гурван үндсэн сегментэд ангилж болно:
-
Жижиг дунд бизнесийн зээл
Зээлийн финтек компаниуд жижиг болон дунд бизнесүүдийн зээлжих зэрэглэлийг олон төрлийн эх үүсвэрээс цугларсан датанд суурилсан, уламжлалт бус аргачлалаар тогтоож, тэдэнд илүү хурдан, автоматжуулсан, хямд өртөгтэй арга замаар зээл олгодог болсноороо жижиг дунд бизнесүүдийг өсөн өргөжихөд том дэмжлэг болж байна. Дижитал зээлийн үйлчилгээ нь жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийн зардлыг 30-50%-иар бууруулдаг байна.
-
Хэрэглэгчийн зээл (Бичил зээл)
Хувь хүн, өрхүүд хувийн болон өрхийн санхүүгийн хэрэгцээндээ зориулан автомашины, хувийн, кредит карт гэх мэт зээлүүдийг авдаг бөгөөд эдгээрийг “consumer” эсвэл “retail” lending буюу бичил зээл гэдэг. Гэвч үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын дансны зээлүүд (тухайлбал моргейжийн зээл) нь жижиг зээлд тооцогддоггүй аж.
-
Онлайн зээлийн платформ
Уламжлалт зээл олгогч санхүүгийн байгууллагууд бага багаар интернэт орчны тэсрэлттэй хөл нийлүүлэх гэж оролдон технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа алгуурханаар нэвтрүүлэхийг хичээхийн зэрэгцээ цоо шинэ зээлдүүлэгч финтек компаниуд зөвхөн “онлайн” буюу цахимаар зээл олгодог бизнес моделтойгоор үүсцгээж байна. Тэдний бүх үндсэн үйл ажиллагаа цахимаар явагдах бөгөөд зарим нь бүр үйлчлүүлэгчдийг хүлээж авах биет оффисгүй байдаг аж.
Зээлжих зэрэглэл
Дата
Зарим зээлийн финтек компаниуд уламжлалт зээл олгогч санхүүгийн байгууллагуудаас ялгаатай, альтернатив (уламжлалт бус) байдлаар зээлдэгчдийн талаарх зээлийн датаг хэдхэн хормын дотор цуглуулан, түүний зээлжих зэргийг тогтоодог аж. Энэ ч утгаараа зээлийн финтекийн салбарт “big data” буюу “их өгөгдөл”-ийн нэгдсэн сан байх нь нэн ач холбогдолтой бөгөөд маш өндөр хэмжээний зардлыг хэмнэх боломжийг олгох түлхүүр билээ.
Сэтгэлзүйн асуулга
Зээлжих зэрэглэлийг тогтоох бүр илүү сонирхолтой аргыг дурьдахад Монголын “Zeely” хэмээх зээлийн финтек компани нь сэтгэлзүйн асуулга тестэнд тулгуурлан зээлдэгчдийнхээ найдвартай байдлыг тогтоодог байна. Тус тестэнд хэрэглэгч хариулсан байдлаар тэр хүн хэр итгэлт зээлдэгч вэ гэдгийг тэдний мэргэжлийн сэтгэл судлаачийн боловсруулсан системийн дагуу тодорхойлдог байна.
P2P
Peer-to-peer (P2P) гэж юу вэ?
Peer-to-peer буюу P2P зээл гэдэг нь зээлдүүлэгч болон зээлдэгчийн хооронд албан ёсны санхүүгийн байгууллага байхгүй, хувь хүн болон бизнесүүдэд шууд шугамаар мөнгө зээлдүүлэх зээлийн төрлийн хэлдэг. Харин P2P зээл нь ихэвчлэн зээлдэгч болон зээлдүүлэгчийг хооронд нь шууд хэлбэрээр “match” буюу хооронд нь тохируулан холбодог цахим платформоор дамжин хийгддэг. Зарим содон онцлогтойгоо холбоотойгоор тус peer-to-peer нь “альтернатив” санхүүжилтийн эх үүсвэрт тооцогддог аж.
P2P хэрхэн ажилладаг вэ?
Хэд хэдэн P2P зээлийн финтек компаниудын жишээг дурьдвал Upstart, Lending club, SoFi, Prosper зэрэг компаниудыг нэрлэж болно. P2P нь хэрхэн ажилладаг вэ гэвэл, зээл хайж буй аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийг зээл олгон, хүүгийн орлого олох сонирхолтой этгээдүүдтэй холбож өгснийхөө төлөө аль аль талуудаас P2P компани нь багахан хувийн шимтгэл төлбөр авах зарчмаар ажилладаг. Энэхүү үйл явцыг доорх зурагт дүрсэллээ.
BNPL
Buy Now Pay Later: тодорхойлолт
BNPL буюу “Buy Now Pay Later” гэдэг нь шууд орчуулбал “Одоо Аваад Дараа Төл” гэсэн утгатай бөгөөд энэ төрлийн зээлийн ажилладаг зарчим нь ч яг л нэр шигээ. Хэрэглэгч, худалдан авагч аливаа бараа бүтээгдэхүүнийг одоо аваад, харин түүнийхээ төлбөрийг тодорхой хугацааны турш, тодорхой интервалтайгаар төлж барагдуулах боломжийг олгодог зээл юм. Ерөнхийдөө худалдан авагч зээлээрх худалдан авалт хийж, харин борлуулагч дэлгүүр нь бараагаа зээлээр борлуулсан л гэсэн үг.
BNPL Монголд
Монголд өнөөдөр үйл ажиллагаагаа BNPL чиглэлээр явуулж буй зээлийн финтекүүдээс нэг жишээг дурьдвал Pocket.mn апп-ийг хэрэглэгч ашигласнаар тэдний гэрээт мерчант борлуулагч байгууллагуудаас бүтээгдэхүүн худалдаж авахдаа түрүүлж бараагаа аваад, төлбөрөө 30-90 хоногийн хугацаанд 2-6 хувааж төлөх зарчимтай байдаг гэх мэтчилэн.
Монголын сорилтууд
Цахим орчны юулгүй байдал
Технологийн салбарт мэдээллийн нууцлал, хамгаалалт маш чухал байдаг тул хэрэглэгчийнмэдээллийг хамгаалах эрх зүйн орчин болон технологийн шийдэл нь нэг томсорилт болдог. Санхүүгийн салбарт ч финтекийн шийдлүүд нь мөнгө угаахтай тэмцэх, хэрэглэгчийг таних, кибер аюулгүй байдлаас хамгаалах, тайлангийн өгөгдөлд шинжилгээ хийх, эрсдэлийг удирдах, залилангаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон асуудлыг шийдэхэд чиглэгдэж байна. Хэрэглэгчдийн хувьд санхүүгийн зохицуулалтын дүрэм, журмыг ойлгож үйл ажиллагаагаа тэдгээрт нийцүүлэн явуулах, тайлан, мэдээллээ сайжруулах, стандартчилах, арилжаа, гүйлгээний мэдээллээ хянах, болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлох функцуудыг санхүүгийн зохицуулах байгууллагуудаас санал болгосоор ирсэн билээ.
Иргэдийн Финтек салбарын талаарх мэдлэг
Финтекийн салбар нь манай зах зээлд харьцангүй шинэ ойлголт боловч хамгийн хурдацтай хөгжиж буй салбар билээ. Зах зээлд зээлийн үйлчилгээ үзүүлдэг Финтек компаниуд нэмэгдэн шинэ, шинэлэг бүтээгдэхүүнийг санал болгосноор хэрэглэгчид өмнөх жилүүдээс илүү өргөнөөр ашиглах болсон ч хэрэглэгчдийн санхүүгийн боловсролын түвшин харьцангүй муу байгаа нь нууц биш юм.
Банкнаас зээл авахын тулд барьцаа хөрөнгө, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал зэрэг олон зүйл нэхдэг. Эдгээр нь цаг хугацааны төдийгүй эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний зардал чирэгдэл ихтэй бөгөөд хэмжээний хувьд жижиг үнийн дүнтэй зээл тэр болгон банкууд олгоод байдаггүй. Тус хэрэгцээг шийдэхийн тулд хэрэглэгчид дотнын анд нөхөд болон ломбард, хадгаламжаа барьцаалах зэргээр шийдэж ирсэн хандлага бий. Энэ нь өөрсдийнх нь цаг зав, нэр хүнд ч сөрөг талтай байдаг. Энэхүү асуудлыг хурдан шуурхай шийдэж өгөх, зээл авах олон шат, дамжлагыг халан хүртэээмжтэй санхүүгийн боломжийг иргэн бүрт олгоход финтекийн гол зорилго орших бөгөөд аливаа санхүүгийн асуудлыг хэрэглээнд хамгийн ойр шинэлэг технологиор (гар утасны аппликейшн зэрэг) дамжуулан хормын дотор шийддэг нь санхүүгийн үйлчилгээг хялбар, хэмнэлттэй, уян хатан болгож буй.
Эрх зүйн зохицуулалт
Чанаргүй зээлийг бууруулах, нийтийн санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс финтекийн үйлчилгээ эрхэлж буй компаниудын цахим мэдээллийн төвлөрсөн сан, дэд бүтэц байгуулах хэрэгтэй. Монгол Улсад нэгэнт нэвтэрч, хүртээмжтэй хэрэглээ болж чадсан цахим зээлийн үйлчилгээ, мобайл банк зэрэг интернет болон бусад сүлжээнд суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүний хяналт зохицуулалтыг зохих түвшинд хүргэж хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Эх сурвалж:
Fintech Lending: 5 Things Small Business Owners Must Know | NBC&S (national.biz)
Fintech Lending. The business of a bank is to lend… | by Neha Sahay | Medium