ФИНТЕК ГЭЖ ЮУ ВЭ?
Fintech гэдэг нь Financial Technology буюу Санхүүгийн технологи гэсэн холбоо үгийн товчлол. Өөрөөр хэлбэл Финтек нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн хослол юм. Нөгөөтэйгүүр дэвшилтэт технологийг ашиглан санхүүгийн үйлчилгээг үзүүлэх гэж ойлгож болно. Бизнес эрхлэгчид технологийн дэвшил, инновацийн хялбар шийдэл (хиймэл оюун ухаан, blockchain, data science гэх мэт) ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад хүргэхэд финтекийн гол зорилго оршино.
Нэг ёсондоо финтек нь програм хангамж эсвэл бусад технологиор бүхий л төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг старт-ап болон бусад компаниудыг хэлэх бөгөөд тэдгээр санхүүгийн үйлчилгээнүүдэд гар утасны зээл, төлбөр тооцооны аппликейшнээс эхлээд криптовалютын гүйлгээ хүртэл багтана. Жишээ дурьдвал: АНУ-ы “Аpple pay”, Солонгос улсын “Kakao Pay”, “Sentbe” мөнгөн шилжүүлэг, Хятад “Ali Pay”, “WeChat Pay”, Австрали улсын “Аu wallet” гэх мэт эдгээр нь финтекийн санхүүгийн үйлчилгээнүүд юм.
Харин Монгол улсын зах зээлд буй финтекийн үйлчилгээнүүдээс дурьдвал:
-
Цахим мөнгө- Candy, SuperUp
-
Цахим систем ашиглан шуурхай бичил зээл олгох үйлчилгээ- LendMN, Ard, Pocket, Zeely
-
Банк хоорондын гүйлгээнд суурилсан төлбөрийн шинэ үйлчилгээ- Most MoneyГоломт банкны төлбөр, тооцоог хялбар, хурдан болгох үйлчилгээ- Social Pay
-
Төлбөрийн мэдээллийг хялбар уншигдах QR код болгох үйлчилгээ – Qpay
гэх мэт финтекийн үйлчилгээ үзүүлдэг компани болон аппликейшнүүд ар араасаа хурдтайгаар түрэн гарсаар байна.
Финтекийн ташаа ойлголтууд:
-
Бүх апп бол Финтек- Аливаа нэг энгийн апп-ийг финтек гэхгүй. Програм хангамж эсвэл бусад технологийн платформоор дамжуулж санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанийг Финтек гэж тодорхойлдог.(PayPal, Coinbase, AND Global, Venmo, Robinhood, GoFundMe гэх мэт)
-
Бүх финтекүүд адил- Явуулдаг үйлчилгээнийхээ хувьд ижил төстэй компаниуд байх боловч үнэндээ финтек нь маш олон төрлийн үйлчилгээний салбартай билээ. Жишээлбэл, мөнгө шилжүүлэх, төлбөр төлөх, зээлийн үйлчилгээ, сангийн менежмент, хувийн данс, даатгалын үйлчилгээ, хувьцаа худалдах эсвэл худалдан авах, хөрөнгө оруулалт, гэх мэт.
-
Финтек компаниуд кибер халдлагад өртөмтгий- Орчин үеийн финтекүүд cloud computing гэх мэт орчин үеийн дижитал технологиудыг нэвтрүүлэн хамгийн боловсронгуй аюулгүй системийг ашиглах боломжийг хэрэглэгчиддээ олгосоор байгаа билээ. Зарим банкуудын үйлчилгээндээ ашигладаг хамгаалалтын Firewall нь хуучирсан байх хандлагатай байдаг учир уламжлалт банкуудтай харьцуулахад финтекүүд кибер аюулгүй байдал, шифрлэлтийн орчин үеийн загваруудаар хаамгаалагдсан байдаг тул илүү аюулгүй гэж хэлж болно.
-
Банк болон финтекийн салбар хоорондоо таардаггүй- Хурдацтай хөгжиж буй Финтекийн салбар хэзээ ч банкны салбартай тэрсэлдэж байгаагүй бөгөөд эсэргээрээ банкууд финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран ажиллах нь нэмэгдсээр байгаа юм. 2016 оны Accenture-ийн саяхны судалгаагаар Лондон дахь банкнуудын 80 хувь нь финтекийн стартап-уудтай хамтран ажиллах нь бизнесийн шинэ боломж гэж үздэг болохыг тогтоожээ.
Финтек яагаад чухал вэ?
Өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүс өдөр тутамд зайлшгүй төлбөр тооцоо хийх шаардлага үүсч байгаа билээ. Өдөр тутмын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооноос гадна хүн төрөлхтөн хувьцааны арилжаа, криптовалютын арилжаа, олон улсын гүйлгээ, зээл, даатгал гэх мэт маш олон төрлийн санхүүгийн үйлчилгээг авч, мөн хэрэглэдэг болсон. Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээнүүдтэй хослуулан, тэдгээрийг хурдан шуурхай, амар хялбар, илүү хүртээмжтэй болгохоор финтек компаниуд үүсэн бий болсон билээ.
Ийнхүү бид танд финтекийн хамгийн чухал ач холбогдлуудыг танилцуулахаар бэлтгэлээ.
-
Финтек илүү хямд
Бидний сайн мэдэх уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн мобайл аппликейшн, вебсайт, онлайн үйлчилгээтэй болж эхэлсэн нь үнэн. Гэвч Forbes сэтгүүлийн криптовалютын сэтгүүлч Донна Фускальдогийн хэлснээр: “Уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд нь хэрэглэгчдэд хамгийн ээлтэй цахим шийдлүүдийг нэвтрүүлж чадахгүй байгаа ба тэд одоо хүртэл харилцагчдаас авдаг үйлчилгээний шимтгэлээсээ шууд хамааралтайгаар ажилладаг байна. Гэвч финтек байгууллагууд тэдгээр уламжлалт байгууллагуудтай өрсөлдөж, энгийн үгээр хэлбэл үйлчлүүлэгчдийг нь өөртөө татах, өрсөж, бас/эсвэл санхүүгийн үйлчилгээг илүү хямд өртгөөр санал болгох стратегитайгаар ажилладаг байна” гэжээ.
Финтек нь компани ба хэрэглэгч аль аль талдаа ашигтай байдлаар зардлыг бууруулж чаддагийг батлах нэг жишээ дурьдая. Их Британийн Cashplus компани өөрийн Payments API (Application Programme Interface) хэмээх инновациараа компаниудын банктай холбоотой шилжүүлгийн зардлыг 50%-иар хэмнэж чадсан байна. Энэ нь ойролцоогоор 500 сая паунд буюу 685 сая ам.долларын зардлыг хэмнэж, бууруулсан гэж ойлгож болно.
-
Эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлдөг
Ernst & Young-ийн Global FinTech Adoption Index 2019-ийн статистикийн үр дүнгээс дурьдвал, 2015 онд финтекийн хэрэглээг дэлхийн нийт компаниудын 16% нь нэвтрүүлсэн бол 2017 онд 33% болж, эцэст нь 2019 онд 64% болж 4-хөн жилийн дотор 4 дахин өсчээ. Түүнчлэн, финтек компаниуд 2018 онд нийт 39.6 ам.долларын хөрөнгө босгосон хэмээн CNBC нийтэлсэн байна.
Нидерландын хөгжлийн FMO банкны гүйцэтгэх захирал (CEO) Петер ван Миерло “Хүртээмжийн төлөөх Финтек Глобал Уулзалт”-ын нээлтийн үгэндээ “Финтек бол ядуурлыг бууруулах, ажлын байр бүтээх, хүйсийн тэгш эрхийг дэмжих болоод хүнсний гачигдлыг арилгах үүргийг гүйцэтгэх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг мөн” хэмээн онцложээ.
-
Big Data буюу их өгөгдлийг илүү утга учиртай болгодог
Бизнесийн байгууллагууд өөрсдийн худалдан авагчид, борлуулалт, вебсайт зэрэг дээр тулгуурлан асар их хэмжээний их өгөгдөл цуглуулах чадамжтай. Гэвч энэхүү өгөгдөлийг хэрхэн ухаалгаар, үр ашигтайгаар ашиглахаа мэддэг хүн тэдэнд хэрэг болдог байна. Энэ нөхцөл байдлыг финтек компаниуд шийдвэрлэхээр гарч ирнэ. Финтек нь бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад цуглуулсан датаг нь ойлгож нэгтгэхэд нь, мөн удирдахад нь тусалж, тэднийг илүү тодорхой утга учиртай дата болгож өгөх хэрэгслүүдийг бий болгодог. Ийнхүү бизнесүүд жишээлбэл ямар насны ангиллын хүмүүс ямар бүтээгдэхүүнийг илүү түлхүү худалдан авч байна, хэрэглэгчдийн сонирхлыг хүйсээр ангилах гэх мэт олон төрлийн тренд, давтамж, холбоо хамаарлуудыг шинжлэн дүгнэж чаддаг байна. Үүнээс гадна финтекийг ашигласнаараа компаниуд шинэ дүн шинжилгээ, ухаарал, хэрэгцээтэй мэдээллийг гаргаж өгдөг тайлан, графикуудыг харж, зах зээлдээ илүү тохирсон, үр ашигтай стратегиудыг боловсруулдаг байна.
-
Илүү аюулгүй
FSBT Tech-ийн Medium дээрх нийтлэлд (Is Fintech More Secure than Traditional Banks? | by FSBT.TECH (Open API Platform) | FSBT.tech (Open API Platform) | Medium) бичсэнчлэн уламжлалт банкууд цахим аюулгүй байдлын хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж их цаг зардал шаарддаг. Мөн цахим санхүүгийн гэмт хэрэгтнүүд болон хакерууд уламжлалт банкны систем рүү нэвтэрч, мэдээлэл хулгайлахад финтек шийдэл ашигладаг байгууллагуудтай харьцуулбал хамаагүй хялбар байдаг байна. Үүнээс гадна, та бэлэн мөнгөтэй хэтэвчээ хулгайд алдах боломж буураад зогсохгүй цахим дансан дахь мөнгөө алдах боломж финтекийн ачаар улам л буурсаар байна.
-
Санхүүгийн хүртээмжийг өргөжүүлсэн
Уламжлалт санхүүгийн үйлчилгээний хэлбэрийг ашиглах боломжгүй сая сая хүмүүст, жишээ нь арилжааны банкны салбар байгуулагдаагүй орон нутагт оршин суугчдыг санхүүгийн хэрэглээнээс хоцроолгүй, тэдэнд хүртээмжтэй, хялбар арга хэрэгслийг олгож өгдөг. 2011-2014 оны хооронд уламжлалт банкаар бус зөвхөн финтекээр дамжуулан дэлхий даяар 700 сая хүн анх удаа банкны дансны эзэмшигч болж чадсан юм. Зөвхөн банкны дансаар хязгаарлагдахгүй, таны санхүүгийн зөвлөх, санхүүгийн шинжээч тань таны халаасанд багтах боломж бас үүснэ.
Accenture-ийн тайланд финтекийн салбар босгож чадсан дэлхий дахин дахь нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2008 онд 930 сая ам.доллар байснаас 2015 онд 12 тэрбум ам.доллар болж өсчээ. Эцэст нь дүгнэвэл, финтек ирээдүйд эдийн засгийг дэмжиж, бизнес болон худалдан авагчдын харилцааг сайжруулж, аж ахуйн нэгж ба худалдан авагч аль аль талд илүү үр ашигтай байдлыг авчрах өнөөдрийн хамгийн эрэлттэй бөгөөд хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд ирээдүйн салшгүй нэг хэсэг билээ. Бизнесүүд маргаашийн хэрэглэгчдийг татахын тулд өнөөдөр блокчейн, big data, хиймэл оюун ухаан гэх мэт олон технологийн дэвшлүүдийг үйл ажиллагаандаа хослуулахаас өөр аргагүйд хүрч байна..
Эх сурвалж:
6+ Reasons Why FinTech Is Important (axiosholding.com)
What is fintech and why does it matter to all entrepreneurs (hottopics.ht)
FinTech and the future of finance | HLB
10 things consumers need to know about FinTech - Consumers International
#Mythbusting the Top 4 Misconceptions about Fintech …
What Is Fintech? Uses and Examples in 2020 - TheStreet
“Ирээдүй - ФИНТЕК” - Монголбанк